Өнөөдөр Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны дарга Ч.Хашчулуун, Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага Хөтөлбөрийн Захирал Стефан Ханселман нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн тэргүүлэх салбар болох уул уурхайн компаниудад үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлж буй болон нийлүүлж болох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, стандарт, үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг кластер хэлбэрээр зохион байгуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Монгол улсад аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлэх нь олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, гадаад, дотоодын зах зээлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал нөхцлийн нэг юм.




