Монголын Бизнесийн Зөвлөл

Хиллари Клинтон Монголд айлчлахаа илэрхийлжээ PDF Print E-mail

Source: Montsame                      Date: 29 July, 2010

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга-АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцохдоо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзжээ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тус тус тохиох ирэх 2011 онд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг Монгол улсад айлчлахыг урьж, айлчлал хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн байна.

 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Уул уурхайг шүтвэл манай улс удахгүй элсний орон болно PDF Print E-mail

Source: Zuunii medee                    Date: 29 July, 2010

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг санаачлагч  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ: Улс төрийн нам сонгуульд оролцохдоо аль аль нь байгаль орчны чиглэлд шийдвэртэй алхам хийхээ амлаж гарч ирсэн. Хоёулангийнх нь мөрийн хөтөлбөрт алтны жижиг уурхайнуудыг цэгцлэх, ойн сан, усны сав газар ашигт малтмал олборлож байгаа газруудад хяналт тавих, шаардлагатай бол хаах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Харамсалтай нь үүнийг эсэргүүцэгчид бий” гэжээ.

Мөн тэрбээр: “манай орны маш олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж, зарим нь устаж үгүй болсон. Уул уурхай руу улайрсныхаа хариуд бид байгалиас гэсгээл амсч байгаа юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн дулаарал, байгаль цаг уурын нөлөө бидний эсрэг чиглэж байгааг анхаарах учиртай. Хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр, цөлжилтийн аюул их байна. Өнөөдөр хэдэн кг алтны төлөө байгалиа сүйтгэж болохгүй, эрүүлээр сэтгэж алсыг хармаар байна” гэв.

 
МХЕГ, БОАЖЯ-ны ажилтнууд шалгалт хийж байна PDF Print E-mail

Source: Zuunii medee                  Date: 29 July, 2010

Орхон голын сав газар ашигт малтмал олборлож байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд дариу шалгалт хийж, зохих арга хэмжээ авах албан даалгаврыг БОАЖ-ын сайд холбогдох газруудад өгсөн билээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны сарын аяны хүрээнд 21 аймгийн нутагт олборлолт хийж буй уул уурхайн компаниудад хуулийн хэрэгжилтийн байдалд хийх шалгалт үргэлжилж байна.

МХЕГ-ын байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш Орхон голын сав газарт олборлолт хийж байгаа компаниуд 11 байгаа гэжээ. Энэ асуудал одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд байгаа бөгөөд БОАЖЯ-наас нэг хүн мөн шалгалтын багт байгаа аж.

Энэ асуудлын тал дээр нэг сонирхолтой зүйл нь Монгол газар компани 11 аж ахуй нэгжийг өөрийнхөө талбай руу оруулсан байсан юм.

 
Тэнгэр санхүүгийн нэгдэл болон ХасБанк, Киргизстаны “Мол Булак Финанс” компани дахь хувьцаагаа худалдлаа PDF Print E-mail

Source: Udriin Sonin                         Date: 29 July, 2010

Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК болон түүний охин компани, Монголын тэргүүлэгч банкуудын нэг ХасБанк Киргизстан улсын “Мол Булак Финанс” бичил зээлийн компанид хамтран эзэмшиж байсан 30.5 хувийн хувьцаагаа худалдах ажиллагааг амжилттай дуусгалаа.

“Мол Булак Финанс” компанид хийсэн хөрөнгө оруулалт нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанк (“Тэнгэр”)-ны хувьд Орос, Хятад, Өмнөд Кавказ болон Зүүн Европын улсуудын санхүүгийн байгууллагуудад бичил санхүүгийн салбарт ХасБанкны хуримтлуулсан туршлагыг нэвтрүүлэх ажлын эхлэл басан юм.

“Мол Булак Финанс”-ын анхны стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд ТэнГэр нь 2009 оны нэгдүгээр сараас эхлэн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

ТэнГэр-ийн зүгээс Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын багт нь орж, идэвхтэй ажилласны үр дүнд “Мол Булак Финанс” зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлж, удирдлагын мэдээллийн систем болон эрсдэлийн удирдлагыг сайжруулсны зэрэгцээ компанийн засаглалын стандартуудыг нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын компанид итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгө татах олон эх үүсвэртэй болж чадсан.

Read more...
 
“Хан Ресорсез”-ын асуудлыг шүүх шийдэхгүй PDF Print E-mail

Source: Ardiin Erkh                   Date: 29 July, 2010

Цөмийн энергийн газрын  цөмийн материалын хэлтсийн дарга Г.Баярбаясгалан хэлэхдээ: “Хан ресорсез” ХХК  болон тус компанийн 58 хувийг нь эзэмшдэг “Төв Азийн уран” компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг Цөмийн энергийн газар хянан үзэхэд маш олон зөрчил дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн олгоогүй” гэжээ.

Мөн тэрээр: “Цөмийн энергийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан ураны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л асуудал манай газарт  харьяалагдах болж, Ашигт малтмалын газраас цацраг идэвхт ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын тайлан, тусгай зөвшөөрлийн материал манайд шилжиж ирсэн. Манай газар зөрчил бүхий бүх газруудад тэр дундаа дээрх аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах шаардлагыг хүргүүлж, зөрчил арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн дагуу авч үзэхээ  мэдэгдсэн. Гэвч эдгээр компаниуд өнөөг хүртэл зөрчил дутагдлаа арилгаагүй  тавьсан шаардлагыг биелүүлээгүй  байна.  Тэдний хууль зөрчсөн үйлдлүүд нь Цөмийн энергийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа  тул  тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэж олгохгүй байх бүрэн үндэстэй гэж бид үзэж байгаа” гэв.

Одоогоор  цөмийн эрчим хүчний станцыг барих газрыг сонгох, технологи судлах зэрэг судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд цөмийн технологи өндөр хөгжсөн улс орныг сонгон хамтрах гэж байна. Ямар улстай хамтарч ажиллахаа судалгааны үр дүнд шийдвэрлэх аж.

 


Page 2 of 5
Таны байршил  : Home Мэдээ