Монголын Бизнесийн Зөвлөл

Гучаад оны соёлын хувьсгал PDF Print E-mail

 

Source: baabar.mn                          Date: 28 July, 2010

Монголчууд: Нүүдэл суудал ном 1996 онд анх хэвлэгдэн гарснаасаа хойш монгол төдийгүй Монголыг сонирхогч гадаадын судлаач, уншигчдын анхаарлыг татжээ. Энэ бүтээлийг 1999 онд Их Британийн Cambridge их сургууль англи хэл дээрх эрхийг нь авч, орчуулан The White Horse Press эрхлэн хэвлүүлсэн нь www.amazon.com - д өндөр борлуулалттай номоор шалгарч байжээ. НЭПКО хэвлэлийн газар 2006 онд Монголчууд: Нүүдэл суудал номыг бүрэн эхээр нь эрхлэн гаргасан юм. Тун саяхан Баабарын эл бүтээлийг Татарстан улсын хэвлэлийн газраас бүрэн эхээр нь анх удаа орос хэлээр хэвлэн гаргажээ. Мөн тун удахгүй хятад хэлээр хэвлэхээр хянан тохиолдуулах ажил нь хийгдэж байна.

Монголчууд: Нүүдэл суудал номын “Тоглоомын бүгд найрамдах улс” хэмээх гуравдугаар дэвтэрийн 12 дугаар бүлгээс хэсэглэн толилуулж байна.

Социализм байгуулна гэдэг нь дан ганц нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монгол мэтийн оронд XX зууны иргэншил нэвтрүүлнэ гэсэн үг гэдгийг бас үгүйсгэх аргагүй юм. Хүн төрөлхтний иргэншил хэдэн мянган жил аажмаар дэвшин хувьссан байхад Монгол нь нийгмийн байгуулал, амьдрах арга, амьдралын хэвшил, соёлжилт, иргэншлийн хувьд мянган жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйлээр бага байлаа. Лам нарыг бичиг үсэгтэй гэж тооцдог юм гэхэд хүн амын лавтай 50-70 хувь нь бичиг үсэггүй байсан болов уу. Системтэй боловсрол олгох тогтоц 1930-аад он хүртэл огт байсангүй. 

Энэ зууны эхээр Цү Ши хатны явуулсан шинэчлэлийн программыг хүлээж аваагүй монголчууд автономийн үед боловсролын салбарт зарим нэг дэвшил хийх гэж оролдсон боловч төдийлөн ахисангүй. Харин зөвлөлийн засагтай болсноос хойш урьд байгаагүй дэвшил хийж зарим нэг газар сургууль байгуулснаас гадна Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль буй болгожээ. Чухам л 1930-аад оны үеэс Монголд анх удаа улс орныг хамарсан боловсролын тогтоц буй болсон нь нэлээд хэдэн жилийн дараа гайхалтай үр дүн үзүүлж, энэ нүүдэлчин ард түмэн нийтээр бичиг үсэгт тайлагдсан төдийгүй, улмаар нийтээрээ боловсролын системд хамаарч чадсан байна. Энэ үед хийгдсэн нэг судалгаагаар 1 500 ажилчин албан хаагч, ажилчдаас 30 хувь нь бичиг үсэггүй, 10 хувь нь бага боловсролтой, 19 хувь нь тусгай дунд боловсролтой, үлдэх 41 хувь нь ямар болох тухай мэдээ алга гэжээ. Төрийн албан хаагчдын 27 хувь нь бичиг үсэггүйгээс эрүүлийг хамгаалах салбарт 14 хувь, хөдөө аж ахуйд 25 хувь, аж ахуйд 42 хувь нь уншиж бичиж чаддаггүй аж. Энэ бол тэр үеийнхээ үзүүлэлтээр муу хэлэх тоо биш. 1930-аад оны дундуур сургуулийн насны нийт 80 000 орчим хүүхдээс 25 000 нь ямар нэг шатны сургалтанд хамаарч байлаа. Гэхдээ л үүнээс бараг хоёр дахин олон хүүхэд сүм хийдэд шавилж байв.

 

Эрүүлийг хамгаалах систем байтугай боловсон эмнэлгийн тухай ойлголт нүүдэлчинд байсангүй. Хүн амын эрүүл энхийг сахих үүргийг уламжлалт ардын болон төвд эмнэлэгийн бүдүүлэг аргаар гүйцэтгэнэ. Хүн ам асар сийрэг суудаг тул бараг хэзээ ч гоц халдварт өвчинд сүйрч байгаагүй боловч эрүүл ахуй ялангуяа бэлгэсийн болон малаас халдах өвчинд хүн амын олонх нь өртсөн байлаа. Шарын шашны бүдүүлэг уламжлал, ёс заншил, мухар сүсэгт нийтээр автсан тул хүн үнэмшимгүй гаж ёсоор эрүүл мэндээ зэрэмдэглэж байсан нь нэн элбэг. Төрөх үед эмэгтэй хүний бузрыг арилгах хэмээх Төвдийн бүдүүлэг заншлыг үйлддэг байсан тул эмэгтэйчүүд дахин төрөх чадваргүй болж, төрөлт ердөө л 16 промилл байжээ. Гэтэл үхэл үүнээсээ бараг давдаг ба хүний дундаж нас нэн бага. Чухам л 1930-аад оны эхээр Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжлийн эмч нар ирж, орон нутагт эмнэлэгийн сүлжээ байгуулж эхэлснээр энэ орны эрүүлийг хамгаалах систем бүрэлдэж эхэлсэн юм. Эмнэлэгийн ор 1927 онд 50 байснаа 1934 онд 326 болсон ба энэ хооронд эмч долоогоос 139, сувилагч гурваас 138 болтлоо өсчээ.

Read more...
 
Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2010 оны эхний хагас жилийн байдлаар) PDF Print E-mail

Source: Undesnii Shuudan                   Date: 23 July, 2010

Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 6 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 1.5 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 11.4 хувиар өссөн дүнтэй байна.

Аймаг нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 6 дугаар сарын эцэст 39941 болж, өмнөх оны мөн үеийнхээс 446 хүнээр буюу 1.1 хувиар өсчээ.

Манай улс 2010 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2664.9 сая ам.долл, үүнээс экспорт 1308.7 сая ам.долл, импорт 1356.2 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний хагас жилд 47.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 82.2 сая ам.долл буюу 63.3 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2010 оны эхний хагас жилд (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (83.0%), газрын тос, шатдаг хий олборлолт (80.2%), бусад ашигт малтмал олборлолт (22.2%), боловсруулах аж үйлдвэрийн салбарт: хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (45.5%), хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (39.8%), химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (24.2%), нэхмэлийн үйлдвэрлэл (23.0%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (18.1%), мод модон эдлэл үйлдвэрлэл (17.2%), төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл (11.7%), резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл (11.5%), тамхи үйлдвэрлэл (10.8%), кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл (4.4%), цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт: цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл (6.5%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ.

Улсын хэмжээнд 2010 оны эхний хагас жилд нийт 55.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 49.0 тэрбум төг буюу 87.6 хувь нь дотоодын, 6.9 тэрбум төг буюу 12.4 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.

Арилжсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 4.8 сая ш буюу 4.1 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 сая ш буюу 7.8 дахин буурчээ. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний хагас жилд 1239.6 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1407.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 167.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс алдагдлын хэмжээ 93.8 тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийгмийн даатгалд 2010 оны эхний хагас жилд 493.9 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 206.6 мянга буюу 41.8 хувь нь төсөвт байгууллагын, 287.3 мянга буюу 58.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын даатгуулагчид байна. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний хагас жилд 166.0 тэрбум төг.болж, үүний 73.1 хувийг өндөр насны, 12.8 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.4 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэрт зарцуулсан байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний хагас жилд 55.7 мян.хүн хамрагдаж, 12.7 тэрбум төг. зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс хамрагдсан иргэдийн тоо 2.5 мян.хүн буюу 4.7 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.7 тэрбум төг.буюу 5.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны эхнээс эхлэн Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70.0 мян.төг олгож байгаа бөгөөд эхний хагас жилд 2.4 сая иргэнд 169.8 тэрбум төг.олгосон байна.

Үнэт цаасны арилжаа 2010 оны 6 дугаар сард 21 удаа явагдаж, 1.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1.6 сая ш үнэт цаас арилжсан байна. Арилжсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 4.8 сая ш буюу 4.1 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 сая ш буюу 7.8 дахин буурчээ.

 
Хаврын чуулганыг өндөрлүүллээ PDF Print E-mail

Source: News.mn                   Date: 23 July, 2010

Товлосон хугацаанаасаа зургаа, тогтсон уламжлалаасаа арав хоногоор хождож, УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүллээ.

УИХ-ын дарга чуулганыг өндөрлүүлж хэлсэн үгэндээ хаврын чуулганаар нийт 130 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэн, шийдвэрлэснийг дурдаад ажлын биелэлт 67 хувьтай болохыг онцлов. Түүн дотор Тавантолгойн орд, Төмөр замын бодлого, Шинэ бүтээн байгуулалт зэрэг далайцтай ажил өрнүүлэх томоохон төслийн шийдлийг гаргасан болохыг тэмдэглэсэн.

УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлсэнтэй холбогдуулж, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга хуралдааны эхэнд “Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 20 жилийн хугацаанд олонх, цөөнхийн бүлгийн дарга нар хамтдаа хурал зарлан, ажлаа тайлагнасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гараагүй бөгөөд өнөөдрийнх анхных болж байна” хэмээн тодотгосон юм.

Ч.Сайханбилэг гишүүн хэлэхдээ хаврын чуулганаар шийдвэрлэсэн асуудлууд нь цаг хугацаанд улам тодрох чухал шийдэл байсан гэлээ.

МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан: “УИХ-ын хаврын чуулган маш их ачаалалтай ажиллаж, 130 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна. Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хоёр намын бүлгийн санал нийлэхгүйгээс зарим үед амаргүй байсан. Бүлгүүд завсарлага авч байсан хэдий ч ажлын хэсэг байгуулан, улмаар нэгдсэн ойлголцолд хүрч, асуудлыг шийдвэрлэж ирсэн” гэлээ.

 
Б. Лхагвасүрэн: Зарим банкуудад хариуцлага тооцно PDF Print E-mail

Source: Ardiin Erkh                   Date: 23 July, 2010

Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн хэлэхдээ УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хууль-д заасны дагуу арилжааны банкууд нөлөө бүхий хувь эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой гэсэн хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага ноогдуулдаг дүрэм журмын дагуу хариуцлага ноогдуулах ёстой гэжээ. 

Төв банкны хувьд арилжааны банкуудын талаарх бүх мэдээлэл бий ч үүнийг гуравдагч этгээд буюу олон нийтэд мэдээлэх ёсгүй. Арилжааны банкууд өөрсдөө хуульд заасны дагуу мэдээлэх ёстой. Энэ 1-дүгээр сард хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар банкны Төлөөлөн удирдах зөвлөлд нэг хараат бус гишүүн сонгогдох ёстой бөгөөд уг хараат бус гишүүнийг сонгох журмыг гаргах ёстой. Тэгэхээр арилжааны банкууд энэ журмыг гарсны дараа хараат бус гишүүнээ сонгоод мэдээллээ нэгмөсөн зарлая гэсэн тайлбар хийж байгаа аж. Мэдээж Төв банкны зүгээс банкуудад зохих анхааруулгуудыг өгсөн.

 
Дэлхийн банкны төлөөлөгч УБ хотын Хүндэт тэмдэгээр шагнуулав PDF Print E-mail

Source: Montsame               Date: 23 July, 2010

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч, эдийн засагч Аршад Саиед 4 жил ажилласны дараа албан үүргийнх нь хугацаа дуусч байгаа аж. Тэрбээр саяхан Улаанбаатар хотын Хүндэт тэмдэгээр шагнуулжээ.

 


Page 3 of 5
Таны байршил  : Home Мэдээ