|
Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хорооны дарга Ч.Хашчулуун, Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайр, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага Хөтөлбөрийн Захирал Стефан Ханселман нарын хооронд байгуулсан санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн тэргүүлэх салбар болох уул уурхайн компаниудад үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлж буй болон нийлүүлж болох бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, стандарт, үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг кластер хэлбэрээр зохион байгуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголын бизнесийн зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага Хөтөлбөр /IMRI/ санамж бичгийг байгуулж байна.
Монгол улсад аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлэх нь олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, гадаад, дотоодын зах зээлд аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал нөхцлийн нэг юм.
Кластер гэдэг нь газар зүйн хувьд ойр байрлалтай, үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээнд хоорондоо үйл ажиллагааны нягт уялдаатай үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түүхий эд, тоног төхөөрөмж нийлүүлэгч, угсрагчид, тухайн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн байгууллагууд, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын холбоо, нэгдэл, сүлжээ юм. Кластерт оролцогчид нь тухайн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцох явцдаа шинэ технологи эзэмших, мэргэшсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин олж авах, захиалагч, хэрэгжлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор хүргэх, тэдэнтэй байнгын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох замаар өртгийг бууруулж, чанар, үр ашгийг дээшлүүлж чадсанаар бүтээгдэхүүний болон бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болдог.
Манай улсын уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байгаатай холбогдон тэдгээрт хүнс, ажлын хувцас, багаж хэрэгсэл, тээвэр, агуулах, хадгалалт, засвар, үйлчилгээ, банк санхүү, зар сурталчилгаа, хэвлэл, сургалт, судалгаа зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэх боломж гарч ирж байна.
Санамж бичгийг байгуулснаар уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ, шаардлага, тоо хэмжээ, стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг нээлттэй ил, тод болох, дотоодын үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр зохион байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.
|