|
source: www.mining.mn
Монголын Бизнесийн Зөвлөл чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаа юм.
- Юуны өмнө чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлье. Өнгөрсөн жил МБЗ энэ арга хэмжээн дээр мөн хамтран ажиллаж байсан. Удахгүй зохион байгуулагдах “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Өнгөрсөн жил анхны Коал Монголиа арга хэмжээ зохион байгуулагдсан бараг яг тэр цаг үед нүүрс Монголын экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн болсон. Тиймээс ч тус хурлын эдийн засгийн өсөлтийн талаарх хэлэлцүүлгийн тэргүүлэх сэдэв нүүрс байх нь аргагүй байлаа. Тус салбарын одоогийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага болон нийгмийн хариуцлагатай төслийн зорилтын талаарх Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн баримтлах бодлого үйл ажиллагаа нь харилцан ойлгомжтой үр ашигтай байх зайлшгүй шаардлага бий болж байна. Монголын Бизнесийн Зөвлөлөөс өнгөрсөн жилийн арга хэмжээг дэмжиж оролцсон, тэр үед хурлын танхим дүүрэн, холбогдох сэдвүүдээр бүтээлч хэлэлцүүлэг явагдаж байхыг харахад их таатай байсан. Энэ жилийн Монгол нүүрс хуралд мөн маш олон хүн оролцох байх гэж найдаж байна. Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэн хэрэгжүүлэх зорилгоор оролцогчдын гаргасан зөвлөмжийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргэн ажил хэрэг болгох нь чухал ач холбогдолтой байх болно.
-Сүүлийн хэдхэн жилийн дотор нүүрсний экспорт эрс өслөө. Энэ салбарт хөрөнгө оруулсан компаниуд үйл ажиллагаагаа улам бүр тэлж, мөн шинээр хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд олон байна. Таны хувьд нүүрсний салбар дахь өнөөгийн энэ хандлагад ямар дүгнэлт өгч байна вэ?
-Дэд бүтцийн бэрхшээлийг шийдчихвэл нүүрсний экспорт цаашид улам нэмэгдэнэ. 2010 оноос гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх байх. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд Амсдердамд төвтэй Трифигура (Trifigura) гэдэг том компани Монголын нүүрсний зах зээлд оролцохоо мэдэгдсэн. Засгийн газраас байгаль орчинд аюулгүй орчин үеийн технологийг дэмжмээр байна. Байгаль орчны хууль тогтоомжийг батлахдаа зохих ёсны хариуцлага, биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авахыг зааж өгдөг байх ёстой. Аюулгүй ажиллагааг хангаагүй компаниудад хязгаарлалт тавьдаг байх учиртай.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нүүрс голлох нөлөө үзүүлж байна. Ойрын жилүүдэд нүүрсний экспорт 40 сая тонныг давах нь нэгэнт тодорхой боллоо. Хэдийгээр экспорт өсч, орлого нэмэгдэж байгаа нь сайн ч дэд бүтэц, хилийн нэвтрүүлэх хүчин чадал зэрэг олон бэрхшээл даган гарч ирж байна. Тэгвэл экспортын өсөлтийг даган гарч ирж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх Засгийн газрын хурдыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Дэд бүтцийг сайжруулах хэрэгцээ маш их байгаа ч хийгдэж буй ажил нэн удаан байна. Монголын нийт замын дөнгөж дөрвөн хувь нь хатуу хучилттай. Энержи Ресурс, МоЭнКо зэрэг компаниуд сүүлийн үед томоохон зам тавьж байгаа ч Засгийн газраас хийж буй ажлын ахиц, тухайлбал, хэвтээ тэнхлэгийн замын ахиц удаан байна. МоЭнКо жил гаруй хүлээсний эцэст саяхан 5 сумыг дайруулан 300 гаруй км зам тавих зөвшөөрлөө аваад байна. Гэтэл одоо нүүрсний тээвэр хил дээр очоод гацаж байна гэж сонсогдсон. Урд хил дээр улс төрийн учир шалтгаанаар төмөр зам нээгдэхгүй байгаагаас говьд ажиллаж буй томоохон 5 компанийн нүүрсний тээвэр үргэлжлэн хуримтлагдах эрсдэлтэй байна. Тийм төмөр зам тавихад 2-3 жилийн хугацаа шаардагдана гэж үзвэл экспортын өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Засгийн газраас тэдгээр эдийн засгийн өсөлтөд учирч буй саад бэрхшээлийг шийдэх, бууруулах хэрэгтэй байгаа юм шиг санагддаг.
-Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ, Монгол Улс ирээдүйд нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эрдэс баялгийнхаа үнийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа. Үүнд хөрөнгө оруулагчдын идэвхи, сонирхолыг чиглүүлэхэд өнөөгийн хууль эрхзүйн орчинг хэрхэн шинэчлэх шаардлага байна вэ?
-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ахиц гарч байгаа нь үнэн. Энержи Ресурс бараг 200 сая долларыг Монголын анхны нүүрс угаах үйлдвэр барихад зарцуулсан. MAK мөн 105 сая долларын хөрөнгөөр зэс баяжуулах үйлдвэр барих гэж байна. Хөрөнгө оруулагч бол эрх зүйн тогтвортой, ил тод орчинд татагдаж байдаг. Тэдэнд “дахин авч үзэх, ярьж тохирсон зүйлээ эргэж ярих” биш хууль эрх зүйн орчин нь анхнаасаа ойлгомжтой, тогтвортой байдал хэрэгтэй байдаг. Хэрэв тэгж чадвал, хөрөнгө оруулагчдын тухайн улс оронд оруулах хөрөнгө оруулалтын эрсдэл багаар тооцогдож, хөрөнгө оруулъя гэсэн эрс шийдвэрт хүргэх нь тодорхой.
–“Coal Mongolia-2012” чуулга уулзалтаас таны хүлээж байгаа хамгийн чухал үр дүн юу вэ, уг чуулганаар ямар асуудлыг нухацтай хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд авчраасай хэмээн хүсч байна вэ?
-Хурлын үеэр Монголд ажиллаж буй компаниудын гаргаж тавьж хэлэлцсэн гол асуудлаар хэд хэдэн багц зөвлөмж гаргаж, Засгийн газрын холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүргэж улмаар тодорхой шийдлүүдийг энэ салбартай холбоотой бүхий л оролцогч талуудад үр ашигтай байдлаар гаргуулах чиглэлээр бэлтгэл ажлаас нь эхэлж хэрэгжүүлбэл их үр дүнтэй байх болов уу.
|