Монголын Бизнесийн Зөвлөл

Компаний тухай хууль PDF Print E-mail
Хууль

1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувь нийлүүлэгчдийн эрх, үүргийг тогтоох болон компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1. Энэ хууль болон Монгол Улсын бусад хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.

2.2. Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.

2.3. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, тэдгээрийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар1 зохицуулна.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн ба орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

2.5. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд өмчлөгч нь төр байх бөгөөд хувь нийлүүлэгчид нь Засгийн газраас эрх олгосон төрийн захиргааны байгууллага байна.

2.6. Компаниас өөр хэлбэрийн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, тэдгээрийн үйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Компани, түүний эрх зүйн байдал

З дугаар зүйл. Компани, түүний хэлбэр

3.1. Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.

3.2. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.

3.3. Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтооно. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.

3.4. Компани нь дараахь хэлбэртэй байна:

3.4.1. хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани;

3.4.2. хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани.

4 дүгээр зүйл. Нээлттэй буюу хувьцаат компани

4.1. Нээлттэй буюу хувьцаат компанийн /цаашид энэ хуульд "хувьцаат компани" гэх/ хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Нийтлэгдсэн:"Төрийн мэдээлэл”, 19… он, Дугаар …, Хуудас … дугаар тал

4.2. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр хязгаарлахгүй.

4.3. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь цаашид түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.4. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно. Энэ гэрээний үйлчлэх хугацаа нь 10 жилээс дээшгүй байх бөгөөд гэрээг хэдэн ч удаа сунгаж болно.

5 дугаар зүйл. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани

5.1. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид энэ хуульд "хязгаарлагдмал хариуцлагатай компани " гэх / үүсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгүй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгүй.

5.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргана.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

КОМПАНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

 
Таны байршил  : Home Компаний тухай хууль